Мэндчилгээ

        greetings.jpg

       Манай сургууль нь ууган их сургууль Монгол Улсын Их Сургуулийн түүхэн 60 жилийн ойгоор 2002 онд байгуулагдсан. Дөчин жилийн тэртээгээс радио-физикч, радио-электроникч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан 1990 онд Физик-Электроникийн Сургуульд электроник-програмчлал тэнхим нээгдсэн нь өдгөө Мэдээллийн Технологийн Сургуулийн цөм билээ.

        Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн хурдац, түүнийг даган бий болсон хүний нөөцийн шаардлагыг харгалзан электроник, мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн нэн шаардлагатай 6 мэргэжлээр баклаврын сургалт, 3 мэргэшлээр магистр, докторын сургалт явуулдаг. Байгуулагдсан цагаас хойш 7 жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч баклаврын сургалт нэгэнт төлөвшин, өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүдээр хүчээ зузаатгасан багшлах боловсон хүчин маань бэхжиж буй. Дотоодын болон олон улсын хамтарсан олон төсөл хэрэгжүүлж, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсноор эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ч өсөн нэмэгдсээр байна.

            Бид үйл ажиллагааныхаа эрхэм зорилтоо ахисан түвшний сургалтыг төлөвшүүлэх, гадаад харилцааг судалгаа, эрдэм шинжилгээнд өргөжүүлэн хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн нягт холбоог бэхжүүлэх улмаар Монгол улсын хөгжлийн бодлого, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт нийцүүлэх, Монгол улсын мэдлэгт тулгуурласан эдийн засгийн хөгжилд дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийн нөлөөг нэмэгдүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

            Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн аливаа байгууллага, хувь хүнд манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал Доктор Ч.Лодойравсал